images

ДЭВЖЭЭ-2025 УРЛАГИЙН НААДАМД “ЛОКОМОТИВ” БАГ 6 ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

Мэдээ

2025-03-27

31

2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Соёлын төвд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр ОХУ дахь Монгол Оюутны холбоо тус улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ДЭВЖЭЭ-2025" урлагийн наадмыг амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн наадам “MONGOL DNA” сэдвийн дор, “Хязгаараа давъя” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 4 багийн 13 сургуулийн 58 оюутан амжилттай оролцож, ОХУ-д суралцдаг монгол оюутнууд болон монгол соёл сонирхогч оюутнууд зэрэг нийт 400 гаруй үзэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр уг наадмын арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлэв.

ОХУ-д суралцаж буй оюутан залуучуудын дунд зохиогдсон тус наадамд: Г.В. Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургуулийн “Плехановцы” баг, Оросын Зам Тээврийн Их Сургуулийн “Локомотив” баг, О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Улсын Их Сургуулийн “Кутафинцы” баг, О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Улсын Их Сургуулийн "Хуульgangz" багууд оролцсон.

Энэ үеэр шилдэг 6 үзүүлбэр шалгаруулсан бөгөөд “Шилдэг мэндчилгээний бичлэг”-ээр “Плехановцы” баг, “Шилдэг мэндчилгээний үзүүлбэр”-ээр "Хуульgangz" баг, “Шилдэг дууны үзүүлбэр”-ээр “Кутафинцы” баг, “Шилдэг бүжгийн үзүүлбэр”, “Шилдэг жүжгийн үзүүлбэр”, “Шилдэг чөлөөт үзүүлбэр”-ээр “Локомотив” баг тус тус шалгарав.

Урлагийн наадмын төгсгөлд шүүгчид дүнгээ гаргаж, Тэргүүн байранд Оросын Зам Тээврийн Улсын Их Сургуулийн “Локомотив баг; Дэд байранд О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Улсын Их Сургуулийн “КУТАФИНЦЫ” багууд тус тус шалгарсныг зарласан.

Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр, Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Ази-Номхон

далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Н.А.Меньшикова, ОХУ дахь Монгол Оюутны холбооны тэргүүн Б.Анужин нар гардуулж өгөв.

"ДЭВЖЭЭ-2025" урлагийн наадам оюутан залуусын авьяас, сэтгэлгээний чадамжийг сорихоос гадна эх түүх, өв соёлоо хойч үедээ өвлүүлж, дэлхийд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг агуулсан Монгол оюутнуудын хамгийн томоохон уламжлалт арга хэмжээний нэг билээ. Энэхүү наадам монгол залуусын эв нэгдэл, бүтээлч эрмэлзлийг нэгтгэсэн, мэдлэг чадвараа сорих, хөгжих, хамтдаа дэвших талбар болдгоороо онцлогтой.