МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР МОСКВА ХОТНОО АЖИЛЛАВ
Монгол Улсын Их хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо ажиллав.
Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой уулзаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулагдах “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийн 3 дахь шатны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд зарим бараа, бүтээгдэхүүнүүдийн квот, гаалийн тарифыг хэлэлцэж, яриа хэлэлцээний дүнгээр хүрсэн тохиролцоог баталгаажуулж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнев нар зөвлөлдөх уулзалтын Протоколд гарын үсэг зурав.
Түүнчлэн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ОХУ-ын Засгийн газрын ордны байранд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзаж, худалдаа эдийн засаг, тээвэр логистик, уул уурхай, Орос-Монгол-Хятад эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцлоо.
Мөн энэхүү ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтан хүрэлцэн ирсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд З.Энхболдыг 03 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев хүлээн авч уулзан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцсон болно.