ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан ОХУ-д суралцагч монгол оюутнуудын XV дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцон нийт баг тамирчид болон хүрэлцэн ирсэн монгол оюутнуудад хандан халуун мэндчилгээ дэвшүүлж, тэмцээний хэсгээс үзэж сонирхов.
Тэмцээний нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар болон бусад албаны төлөөлөгчид байлцав.
Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд, тэргүүн байранд Т.Энхтөгөлдөр ахлагчтай “Мөнхтэнгэр” баг, дэд байранд Б.Энхтөгөлдөр ахлагчтай “СПБ-Цэргийн сургууль” баг, гутгаар байранд Б.Батмөнх ахлагчтай “Spartans” багууд, эмэгтэй төрөлд, тэргүүн байранд Э.Байгал ахлагчтай ““Мөнхтэнгэр” баг, дэд байранд А.Урангоо ахлагчтай “МИИТ” баг, гутгаар байранд Г.Маралгоо ахлагчтай “ALPHA” багууд тус тус шалгарсан байна.
Эрэгтэй шилдэг тоглогчоор “Мөнхтэнгэр” багийн тамирчин М.Бат-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор “Alpha” багийн тамирчин З.Цацрал нар тус тус шалгарчээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ дахь Монгол оюутны холбооны хамтран зохион байгуулсан Орост суралцагч монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг анх 2010 онд зохион байгуулж эхэлсэн. Тэр цагаас хойш жил бүрийн 5 дугаар сарын эхээр уламжлал болгон зохион байгуулж, хамрагдах хот, багуудын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдсээр ирсэн.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Омск, Воронеж, Волск, Екатеринбург, Томск, Эрхүү зэрэг 8 хотын 20 багийн 220 тамирчин, 300 орчим хөгжөөн дэмжигч оролцлоо.