images

ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД ТОДРОВ

Мэдээ

2025-06-17

55

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зарласан “Ялалтад тэмүүлэх морьд” монгол богино өгүүллэгийн орчуулгын уралдааны шагналтнуудыг тодруулах ёслолын арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус ЭСЯ-ны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд зохион байгуулав. 

Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тус уралдааныг дэмжин ажилласан Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал С.Ф.Дмитренко,  ОХУ-ын ШУА-ийн Хэл бичгийн хүрээлэнгийн Үндэсний хэлний харилцааны асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний төвийн удирдагч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Айса Николаевна Биткеева нарыг хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр хэл бичгийн шинжлэх ухааны доктор Айса Николаевна Биткеева “Памятники фольклора монгольских народов” /”Монгол түмний ардын аман зохиолын дээжис”/ 10 боть номын дээжийг ЭСЯ-ны номын санд хандивлаж буйгаа онцлон хэлээд, Элчин сайд Ө.Энхтүвшинд номын дээжийг өргөн барив. 

Арга хэмжээний үеэр монгол судлалаар суралцагч орос оюутнуудын дунд зарласан “Богино өгүүллэгийн орчуулгын уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Элчин сайд Ө.Энхтүвшин шилдэг оролцогчдын шагналыг гардуулан баяр хүргэж, үг хэлэв. 

Энэ удаагийн уралдаанд Эрхүүгийн Их сургуулийн Онолын ба хавсарга хэл шинжлэлийн факультетын 3 дугаар дамжааны оюутан В.А.Товаров зохиолч Д.Энхболдбаатарын “Мухрын өрөөний тасалгаа” бүтээлээр тэргүүн байр, монгол судлаач, орчуулагч А.В.Мелехин зохиолч Л.Дашнямын “Тийм юм байна аа” өгүүллэгийн орчуулгаар дэд байр, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан М.И.Самарина  зохиолч Б.Баярсайханы “Хөөрхий дөө, Ажаа минь” өгүүллэгийн орчуулгаар гутгаар байрт шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан.
Тусгай байрт Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн төвөд-монгол судлалын тэнхимийн оюутан А.А.Капитонова зохиолч Г.Аюурзанын “Хангарди”, Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Б.Раднаев зохиолч О.Цэнд-Аюушийн “Алаг морьтой хүн”, ОХУ-ын Үндэсний судалгааны Эдийн засгийн их сургуулийн “Монгол-Төвөд” хөтөлбөрийн магистрант А.А.Клементьева зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Аз”, мөн тус сургуулийн 5 дугаар дамжааны оюутан У.К.Махно зохиолч П.Батхуягийн “Өөр нулимс” өгүүллэгийн орчуулгаар тус тус шалгарсан.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал С.Ф.Дмитренко тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн баг тус бүр үнэлгээ өгч олон хэмжүүрээр шүүж шагналт байрт орсон орчуулгын бүтээлүүдийг шалгаруулснаа онцлон  тэмдэглээд, цаашид уг уралдааныг жил бүр зохион байгуулахад тус сургуулийн зүгээс бүрэн дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.


Ёслолын арга хэмжээний дараа зочид болон уралдаанд оролцогсод ЭСЯ-ны шинэчлэн засварласан номын сан, түүхийн тэнхимээр зочилж, найруулагч Доржсамбуугийн Цогтын “Ар хөвч” монголын уран сайхны кино, “Миний Монгол орон” орос зураачдын бичил үзэсгэлэнг үзэж сонирхов.