images

ИРГЭД, ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Мэдээ

2025-09-04

79

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлжбайгаатай холбогдуулан ОХУ-ын их, дээд сургуульд суралцахаар ирж буй оюутнууд, мөн түүнчлэн ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд Та бүхэнд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

НЭГ. ОХУ-д зорчих хугацаандаа Та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа Украинтай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг анхааруулж байна. Тухайн бүс нутгуудад байгаа иргэд оюутнууд сонор сэрэмжтэй байж, аливаа санал хүсэлтээ ЭСЯ-нд цаг алдалгүй шууд хандана уу.

ХОЁР. ОХУ нь гадаадын иргэд рүү чиглэсэн хууль тогтоомжуудад 2025 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Чингэхдээ шинэчилсэн хуулийн өөрчлөлтүүд нь гадаадын иргэдийн хяналтыг чангатгах, жил бүр нэмэгдэж буй хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх зорилгоор түр оршин суух зөвшөөрөл авах журам, визгүй нэвтэрч буй гадаад иргэдийн оршин суух хугацаа, үүрэн утасны “сим-карт” ашиглах журам, гадаадын болон иргэншилгүй иргэдийн хөдөлмөрийн харилцаанд шинээр зохицуулалт хийж, хуулийн хэрэгжилтийг улам нарийвчлан гаргахад чиглэгдэж байгаа асуудлыг анхаарахыг хүсье.

ОХУ-ын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн ОХУ руу орох, ОХУ-аас гарах дүрэм, нөхцөлийг турших туршилт явуулах” тухай 1510 тоот тогтоолын дагуу 2025 оны 6 дугаар сарын 30-наас 2026 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжих хоёрдахь үе шаттай холбоотойгоор ОХУ руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүн (визтэй иргэдэд хамаарахгүй) ОХУ-ын хилээр нэвтрэхээсээ 72 цагийн өмнө “ruID” гар утасны аппликейшн ашиглан бүртгүүлж, ОХУ-д зорчих хүсэлтээ цахимаар гаргах ёстой. Цахимаар хэрхэн бүртгүүлэх тухай заавар, дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаягаас авч үзэх боломжтой. Үүнд: 

VK: https://vkvideo.ru/video-73442711_456239767

YouTube: https://youtu.be/eNCLxlFKyhM

Rutube: https://rutube.ru/video/ff74901679606fc7ccf856e54b5f1479

https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules 

https://mongolia.mid.ru/ru/embassy/news/novye_pravila_bezvizovogo_vezda_na_territoriyu_rossii/

ГУРАВ. ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичүүлж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) хаяж үрэгдүүлэхгүй байх.

ДӨРӨВ. "ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн нэмэлт арга хэмжээ"-ний тухай 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар оросын хилээр бэлэн мөнгө гаргахад гаалийн хязгаарлалт тогтоосон бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ нь 10.000 ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад валютаас илүү байж болохгүйг анхаарах. 

ТАВ. ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, улмаар хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх үүрэгтэйг анхаарч, цаг хугацаанд нь зохих журмын дагуу гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл зэрэг сунгагдахгүй тул Та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд нь бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна. 

ЗУРГАА. ОХУ-д шинээр суралцах болон үргэлжлүүлэн суралцах гэж байгаа оюутнууд тухайн сургуулиас тогтоосон дүрэм, журам (“Сургуулийн дотоод журам”, “Дотуур байрны журам” болон бусад шаардлага)-ыг чанд мөрдөн хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна уу.

Эдгээр зүйлсийг сайтар судлан үзэж, хэрэв энэ талаар мэдээлэл, ойлголт хомс байгаа бол тухайн сургууль, байгууллагынхаа гадаад оюутан хариуцсан холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж мэдээлэл, зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Тухайн сургууль, байгууллагын холбогдох алба, тэдний ажилтнуудаас өгч буй зааварчилгаа, зөвлөмжийг сайтар судлан үзэж, хэрэгжүүлэхэд анхаарна уу.

ДОЛОО. Оюутан залуучууд ОХУ дахь Монгол Оюутны Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, Холбооны зүгээс эрхлэн явуулдаг төрөл бүрийн судалгаа, бүртгэлд хамрагдаж байхыг уриалж байна.   

Эдгээр асуудлаар болон бидэнтэй холбоо барих шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ, ЭСЯ-ны Консулын хэлтэст хандаж холбоо барина уу:

- Элчин сайдын яам ​+7(495)690-67-92

 

- Консулын хэлтэс ​+7(499)241-15-48

 

Мөн [email protected], эсхүл [email protected] цахим шуудангаар хандана уу.

 

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ

2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр