images

ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Мэдээ

2025-09-11

39

     Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин болон тус ЭСЯ-ны дипломат ажилтан, албан хаагчид 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан хуучнаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын “Коммунарка” тусгай объект дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

     Монгол Улс иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж “Коммунарка” тусгай объектод 2001 онд хүндэтгэлийн гэрэлт хөшөөг байгуулсан. Тэр цагаас хойш тус ЭСЯ-ны үе үеийн дипломатууд болон ажилтан, албан хаагчид жил алгасалгүй дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж ирсэн билээ.

     Энэхүү гэрэлт хөшөөнд Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болох 249 хүний нэрийг хүндэтгэн сийлсэн юм. 

     Түүх сөхвөл, Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд П.Гэндэнг 1936 онд ЗХУ-д авчирч, 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (БНМАУ Бүгд Найрамдах засгийг тунхагласан өдөр) цаазалсан байдаг.

 Монгол Улсын 10 дахь Ерөнхий сайд А.Амарыг 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилж, Монголын ард түмний үндэсний баяр наадмын өдөр ялын дээд хэмжээ өгч, 7 дугаар сарын 27-ны өдөр цаазалжээ.
 

 Ерөнхий сайд асан А.Амар 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр өгсөн сүүлчийн мэдүүлэгтээ: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?...

    Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” хэмээн мэдүүлсэн байдаг.

    Энэ мэт эмгэнэлтэй гашуун түүхийг сануулан өгүүлсэн газар нутгийг 1999 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн харьяанаас гаргаж, Оросын Үнэн алдартны сүмийн мэдэлд шилжүүлсэн юм.

     Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Коммунарка” тусгай объектын арчилга, тордолтын ажлыг гүйцэтгэж ирсэн Үнэн алдартны сүмийн Ермоген ламтантай уулзаж, тус газрыг хамгаалалтад авч, арчлан тордож байдагт талархал илэрхийлэв.

     Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар дурсгалын хөшөөний суурь болон талбайн хэсгийг сэргээн засварлах ажлыг 2023 онд хийж гүйцэтгэсэн билээ.