images

ОХУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ

2025-10-06

176

   ОХУ дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын зөвлөлдөх уулзалтыг ОХУ-ын БН Тува Улсын Кызыл хотод 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав. 

 Уулзалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Өнөбилэгт, Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий, Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Болор, Кызыл хотод суугаа Ерөнхий консул О.Цэндсүрэн, Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг нар оролцов.

 

    Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд хамаарах асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, Монгол Улсын иргэд, оюутнууд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон консулын албадын үйл ажиллагааны уялдаа холбоог улам боловсронгуй болгох, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, хил, гааль, тээвэр, аялал жуулчлалын асуудлуудыг хэлэлцэв.

      Төлөөлөгчид Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статусаар ажиллуулж эхлүүлэхэд хоёр талаас хийгдэж буй дэд бүтцийн бэлтгэл ажлын асуудлаар мэдээлэл солилцож, иргэдэд тулгамдаж буй асуудал, хил, гааль дээр гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, мөн боомтын ажилтнууд  ард иргэд, бизнес эрхлэгчдэд хууль дүрмийг энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж таниулах ажил шаардлагатай байгааг тэмдэглэв.

      Түүнчлэн зөвлөлдөх уулзалтын хүрээнд 2026 онд хийхээр төлөвлөж буй ажлууд, цаашид анхаарах зүйлийн талаар санал солилцов.