images

Ц.МАГСАР “ОРОСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЭЛЧ” ХҮНДЭТ ЦОЛ ХҮРТЭВ

Мэдээ

2025-10-16

32

         ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  "Оросын боловсрол, шинжлэх ухааны элч" хүндэт цолыг дэлхийн 11 орны боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөгчдөд гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулав.

    Элч нарын эрхэм зорилго нь Оросын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах явдал аж. Энэ жил тус өргөмжлөлийг Монгол, Вьетнам, Энэтхэг, Хятад, Колумб, Конго, Мали, Намиби, Уганда, Сенегал, Шри-Ланк зэрэг улсын 11 иргэн хүртжээ. Монгол Улсын доктор, профессор, “Кириллица” бага сургуулийн захирал Ц.Магсар “Оросын боловсрол, шинжлэх ухааны элч” хүндэт цол хүртсэн байна.

        Тус яам 2023, 2024 онд анхны 24 Элчид хүндэт цол олгожээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэд ТУХН, Ази, Африк, Ойрхи Дорнодын шинжлэх ухаан, боловсрол, залуучууд, соёл гэгээрлийн 100 гаруй арга хэмжээнд оролцсон байна.

          “Элч нарын ажлын үр дүнд их, дээд сургууль хоорондын харилцаа хөгжиж, хамтарсан боловсрол, судалгааны төслийн тоо, ОХУ-д суралцах, шинжлэх ухааны чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Өнөөдөр Оросын дээд боловсролын системд дэлхийн 184 орны 414 мянга гаруй гадаад оюутан суралцаж байна. Бид 2030 он гэхэд хагас сая хүртэлх олон улсын оюутнуудыг хүлээн авахад бэлэн болно гэж найдаж байна" гэж В.Фальков сайд онцлон мэдэгджээ.