ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН БУДДЫН ШАШНЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элиста хотноо 2025 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Буддын шашинтнуудын олон улсын III чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд хүндэт зочноор уригдан оролцож, үг хэлэв.
Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгнийхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн чин сэтгэлийн мэндчилгээг чуулга уулзалтад оролцогсдод уламжилж, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн Бату Хасиковт баяр хүргэж, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн, “Монголд Бурхны шашин өдгөө эрчимтэй хөгжиж байгааг болон ялангуяа Монгол улсын Үндсэн хуулиар иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Олон түмний сайн мэдэх сүм хийдүүдийг сэргээн засварлаж, шинээр барьж, Буддын гүн ухааны сургуулиуд нээгдэж байна. Залуучууд Буддын шашны олон улсын төвүүдэд оюун санааны боловсролоо дээшлүүлэх өргөн боломжтой болж байна” гэж тэмдэглэв.
Мөн “Монголын бурхны шашны ертөнц дахь нэгэн чухал үйл явдал нь Богд гэгээнтний институцийг сэргэсэн явдал юм. Ганжуур, Данжуурын олон боть түүврийг пали хэлнээс монгол хэлнээ орчуулж эхэлсэн. Буддын шашны соёл нь монголчуудын үндэсний өвөрмөц байдлын чухал хэсэг хэвээр байсаар байна” гэж онцлон тэмдэглэв.
Чуулганы хуралдаанд ОХУ-ын Шадар сайд Дмитрий Чернышенко, Ерөнхийлөгчийн Өмнөд Холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Алексей Ермаков, Төрийн Думын орлогч дарга Шолбан Кара-Ол, Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг, Астрахань хот дахь ГХЯ-ны төлөөлөгч О.В.Коломин болон дэлхийн 30 гаруй орны 400 орчим төлөөлөгчид оролцлоо.