ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ КАДЕТЫН СУРГУУЛЬД ЗОЧИЛЖ, МОНГОЛ СУРАГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын Тува Улсын нийслэл Кызыл хот дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Кадетын сургууль (Кызылское президентское кадетское училище)-д зочилж, Монгол сурагч хүүхдүүдтэй уулзаж, сурагчдын суралцах, амьдрах нөхцөл, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, урлаг, спортоор хичээллэдэг, мөн сургуулийн зүгээс сурагчдын хоол хүнс, эрүүл мэндэд хэрхэн анхаарч ажилладаг талаар газар дээр нь танилцав.
Тус сургууль нь 2014 онд нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсаас хүүхдүүд анх 2017 онд элсэн орж, өнөөдрийн байдлаар 5-11 дугаар ангийн нийт 16 монгол хүүхэд суралцаж байна. 2017 оноос эхлэн оросын тал жил бүр манай улсаас 3 хүүхдийг сонгон шалгаруулалтаар элсүүлэн авч, тус сургууль нь хүүхэд сонсогчдыг шаардлагатай бүхий л зүйлсээр ханган ажилладаг талаар тус сургуулийн захирал У.С.Ондар Элчин сайдад танилцуулав.
Сурагчид бүрэн дунд боловсрол эзэмшихийн хажуугаар нэмэлт хичээлд хамрагдах боломжтой бөгөөд хятад, араб, англи хэл сурах, мөн бие бялдаржуулах төв, номын сан, хөгжим бүжиг гэх мэт дугуйланд явах бүрэн бололцоотой юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Кадетын сургууль нь гаднын улс орнуудаас зөвхөн Монголоос сонсогч авч сургадаг бөгөөд тус сургуулийн багш нар нь монгол хүүхдүүдийн хичээл сурлагын талаар маш ам сайтай байв. Өмнө нь төгссөн монгол сурагчдын ихэнх нь сургалтаа цааш үргэлжлүүлсэн бөгөөд зарим нь одоогоор ХБНГУ-д суралцаж байна.
Элчин сайд Ө.Энхтүвшин тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд монгол сурагч хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж, хүүхдүүд оросын “Катюша” болон “Эх орон” монгол дууг дуулж сонирхуулав.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Кызыл хот дахь Кадетын сургуулийн багш нар зөвхөн боловсрол төдийгүй хүүхдийн цогц хөгжилд нь онцгойлон анхаардаг боловсролын орчин үеийн ийм сайхан байгууламжид монгол хүүхдүүдийг сургаж байгаад Элчин сайд талархал илэрхийлэв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тус сургуулийн Хүндэт зочдын дэвтэрт дурсгалын тэмдэглэл үлдээж, сургуулийн багш, хамт олон болон нийт сурагчдад амжилт хүсэж, сайн сайхныг хүсэн ерөөв.