ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН “ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНД МОНГОЛЫН УЛСЫН БАЙГУУЛСАН ГАВЬЯА” НОМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байранд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол Улсын байгуулсан гавьяа” номын нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Арга хэмжээнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч А.Н.Венедиктов, Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд К.И.Могилевский, ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал И.А.Желоховцев, Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн проректор О.В.Павленко зэрэг албаны тушаалтан, эрдэмтэн, түүхч, архивч нар оролцов.
Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ ОХУ, оросын ард түмэн, тэр дотроо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Аугаа их Эх орны болон Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол Улс, монголын ард түмний зүгээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид туслах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж, хамтдаа тулалдаж байсныг үргэлж өндрөөр үнэлж, хүндэтгэлтэй хандаж байдагт талархал илэрхийлээд өнөөдөр олон нийтэд танилцуулж буй “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын Улсын байгуулсан гавьяа” ном нь үүний тод илрэл болж байгааг онцлов.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч А.Н.Венедиктов: “Дайны эхний өдрөөс эхлэн Монгол Улсын төр засаг, ард иргэд “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор нэгдэн, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьд бэлэглэх зэргээр тусламж үзүүлж, Халх голын байлдаанд хамтдаа тулалдаж, 1945 онд Квантуны армийг бут цохиход оролцож, хамтын ялалтад чухал хувь нэмэр оруулсан” гэж тэмдэглэв.
Мөн үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд К.И.Могилевский нар тус тус үг хэлж, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмний зүгээс харамгүй их тусламж үзүүлснийг онцлон тэмдэглэж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалд хүндэтгэлтэй ханддагийг ОХУ өндрөөр үнэлдэг гэж хэлэв. Түүнчлэн түүхийг гуйвуулж, түүхэн үнэнийг мэдэхгүй байх нь одоогийн залуучууд болон үр хойчид сөргөөр нөлөөлөх аюултай гэв.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Оросын Хүмүүнлэгийн их сургуультай хамтран гарган нийтэлсэн энэхүү түүхэн баримтын эмхэтгэлд 1939 оны Халх голын тулалдаан, Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмний үзүүлсэн тусламж хийгээд 1945 онд Японы Квантуны армийг бут цохиход Монгол Ардын Хувьсгалт Цэргийн оруулсан хувь нэмрийг харуулсан ОХУ-ын Төв архив, Киноархивын 236 баримт бичиг, 126 гэрэл зураг багтсан байна.