images

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.Н.ПАТРУШЕВТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-11-25

187

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтай 11 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсны уулзалт хийв.  

Сайд Х.Болорчулуун Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд 24 сая тун шүлхийн вакцин худалдан авах, 20 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар авах саналыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга хатагтай В.В.Абрамченкод 2022 оны 3 дугаар сард хүргүүлснийг дурдаж, энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэх (хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар ОХУ-ын Засгийн газраар шийдвэрийг 2022 онд багтаан гаргуулах, хэлэлцээрт гарын үсэг зурах)-эд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн, цаашид жил тутам дунджаар 12,0 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас худалдан авахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд цаашид дотоодын хэрэгцээндээ зориулан шүлхийн вакцины өтгөрүүлсэн концентрацыг жижиглэн савлах шугам бүхий үйлдвэртэй болох, «Биокомбинат» ТӨҮГ-т өргөтгөл, шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгааг мэдээлж, энэ хүрээнд «түлхүүр гардуулах» нөхцөлтэй үйлдвэр барих эсвэл хамтарсан компани байгуулах замаар хамтран ажиллахыг санал болгов. 

ОХУ-тай хил залгаа Монгол Улсын баруун бүсийн 3 аймаг, төвийн бүсийн хоёр аймгийн 6 сум, зүүн бүсийн нэг аймгийн 1 суманд “мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулан тус бүс нутгуудаас мах экспортлох зорилт тавин ажиллаж байгааг мэдээлж, энэхүү төсөлд ОХУ-ын зүгээс идэвхтэй хамтран ажиллахыг санал болгохын зэрэгцээ мах импортлох хүсэлт гаргасан ОХУ-ын Алтайн хязгаар, Хакас, Тыва, Буриад Улс зэрэг манай улстай хиллэдэг бүс нутгуудын мах боловсруулах үйлдвэрүүдэд үхрийн махны импортын квот авахад нь дэмжлэг үзүүлэн, тэдгээрт тарифын таатай нөхцөлөөр Монгол Улсаас мах импортлох боломж нээж өгөхийг сайд Х.Болорчулуун оросын талд санал болгов. Мөн тэрээр ирэх оны хаврын тариалалтад зориулж  Монгол Улстай цаг агаарын хувьд ижил төстэй бүс нутгуудаас Монгол Улсад нутагшсан сортын 8000 орчим тонн улаанбуудайн үр импортлох урьдчилсан тооцоотой байгаа тухай нэмэж мэдээлэв. 

Талууд Монгол Улсын махны мах экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд ОХУ-тай хил залгаа бүс нутгийг шүлхий өвчингүй бүс нутгийн статустай болгоход анхаарлаа хандуулах, Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх, «Биокомбинат» ТӨҮГ-т өргөтгөлийн асуудлаар Ажлын хэсэг байгуулж, шинжээчдийн дүгнэлт гаргуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиров.