images

ЭЛСТЭЙ ХОТЫН ХӨГЖМИЙН КОЛЛЕЖИЙН МОРИН ХУУРЫН АНГИЙН 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

Мэдээ

2022-12-02

181

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын «Центр креативных индустрий «ЕврАзия Арт-Центр» төвийн санаачилгаар Элстэй хотод 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан «Элстэй хотын хөгжмийн коллеж»-д морин хуурын анги нээгдсэний 30 жилийн ойн «СЭРГЛТ» ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Р.Бизьяа зохион байгуулагчдын урилгаар оролцов. Мөн Элстэй хотын «Детская школа искусств №2» сургуульд зочилж, хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

Ёслолын арга хэмжээг зохион байгуулагчид  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны удирдлага тэдний урилгыг хүлээн авч, ойн арга хэмжээнд төлөөллөө оролцуулж байгаад туйлын их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлэв.

П.О.Чонкушовын нэрэмжит Соёл урлагийн коллеж нь 1960 онд байгуулагдсан, Бүгд Найрамдах Халимаг Улсын соёл, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага бөгөөд хөгжмийн онол, төгөлдөр хуур, найрал хөгжим (үлээвэр, цохивор, утсан, ардын найрал хөгжим), дуулах урлаг, найрал дууны удирдаач, бүжгийн урлаг, дуулах урлаг, жүжиглэх урлаг, дизайн, чимэглэлийн болон хэрэглээний урлал, гар урлал, уран зураг зэрэг 15 төрөл чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж, мэргэжлийн дунд боловсрол эзэмшүүлдэг ажээ.

Мөн 2022 оны хичээлийн жилээс ОХУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх «Придумано в России» санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд Халимаг Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр «школа креативных индустрий» анги шинээр нээж, 12-17 насны хүүхдүүдийг элсүүлж дууны инженерчлэл, электрон хөгжим, гэрэл зургийн болон видео үйлдвэрлэл, дизайн, VR/AR/MR интерактив технологи, анимация, 3D графикийн чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулж эхэлжээ.

П.О.Чонкушовын нэрэмжит Соёл урлагийн коллеж Монгол Улсын урлаг соёлын болон боловсролын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тухайлбал, аль нэг урлагийн байгууллага, их дээд, хүүхдийн хөгжмийн сургуультай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, багш, оюутан солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байгаа юм.