images

"ХАЛХЫН ГОЛ -ЯЛАЛТЫН ТҮЛХҮҮР!" ЦОМГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Мэдээ

2026-02-03

17

       Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  ОХУ-ын Уран зургийн академид зохион байгуулагдсан “Халхын гол - ялалтын түлхүүр!” цомгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

       Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал П.Жаргалан, III нарийн бичгийн дарга О.Чинбаяр, ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал И.А.Желоховцев, дэд захирал Р.И.Журавлев болон Оросын Уран зургийн академийн Ерөнхийлөгч В.З.Церетели, Оросын ШУА-ийн Төр, хууль зүйн хүрээлэнгийн дэд захирал, зохиолч, түүхч А.Г.Звягинцев, Оросын Уран зургийн академийн академич, "Халхын гол - ялалтын түлхүүр!" төслийн удирдагч В.Н.Анисимов зэрэг нэрт уран бүтээлчид, төслийн багийнхан оролцож, энэхүү цомгийн талаар өөрсдийн санаа бодлыг хуваалцав.

Оросын Уран зургийн академийн Ерөнхийлөгч В.З.Церетели

      Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойд зориулсан энэхүү томоохон цомогт монгол, зөвлөлтийн болон оросын уран бүтээлчдийн зурсан уран зураг, уран баримал, хөшөө дурсгал хийгээд тухайн түүхэн үйл явдлын талаар монгол, орос хэл дээрх нэн сонирхолтой баримтуудыг дэлгэн харуулснаараа онцлог болов.

   Цомгийн нээлтээр 2025 оны хавар Халхын голд уран бүтээлийн томилолтоор явж ажилласан Монгол, Оросын зураачдын багийнхны тухай нэвтрүүлэг толилуулсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болов. Төслийг Оросын уран зургийн академийн академич В.Анисимов, М.Шишин нар удирдсан бөгөөд шинжлэх ухааны зөвлөхөөр Оросын ШУА-ийн Оросын түүхийн хүрээлэнгийн захирал Ю.Петров ажилласан аж.

    Төслийн зохион байгуулагч, куратороор Оросын уран зургийн академи, Бүтээлч экспедицийн товчоо, ORDEN соёл, боловсролын холбоо ажиллаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд дэмжлэг үзүүлсэн юм.

 

Дүрс бичлэг үзэх холбоос: https://dropmefiles.com/8hW91

     Гэрэл зургийг В.Берёзкин, дүрс бичлэгийг Оросын уран зургийн академийн хэвлэлийн албанаас ирүүлэв.