МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярыг тохиолдуулан 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад ОХУ-ын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Онцгой байдлын яам, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, Монгол Улстай хамтарч ажилладаг ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын удирдлагууд, “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн тэргүүлэгчид, мөн Монгол Улстай цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, ХБНГУ, Беларусь, БНСУ, БНАСАУ, Турк, Энэтхэг, Казахстан, Киргиз, Армени, Вьетнам, Азербайжан, Япон зэрэг 14 улсын Батлан хамгаалахын болон цэргийн атташе, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид суралцдаг Москва хотын цэргийн академи, их дээд сургуулиудын удирдлага, тэдгээрт суралцаж буй офицер ахлагч нарын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцов.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол цэрэг”-ийн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Түүнчлэн энэ жил Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жил, Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ой тохиож буйг онцолсон юм.
Оросын талаас хүндэт зочноор ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр найрсаг Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд чиглэгдсэн хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд бүхий л талаараа дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Хүлээн авалтын үеэр ОХУ-ын Цэргийн их сургуульд суралцаж буй монгол сонсогчид, Гнесинийхэний нэрэмжит Оросын хөгжмийн академийн монгол оюутнууд болон ОХУ-ын Сансрын цэргийн хүчний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
Түүнчлэн Батлан хамгаалахын атташе бригадын генерал П.Жаргалан Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Москва хотын цэргийн академи, их дээд сургуульд суралцдаг нийт цэргийн албан хаагчдыг ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд хүлээн авч шинээр байгуулагдсан номын сан, музейн үйл ажиллагаатай танилцуулж, орчин цагийн Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой танилцуулга мэдээллийг хүргэн сонсогчдод баяр хүргэв.