images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВ, Ш.В.КАРА-ООЛ НАРТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2026-03-24

48

     Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Ш.В.Кара Оол нарт 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЭСЯ-ны хүндэтгэлийн танхимд оройн зоог барив.  

     Зоогийн үеэр талууд Монгол, Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.

     Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг дахин нотолж, сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр тал дээд түвшнинд 9, өндөр түвшинд 40 орчим  айлчлал солилцсон нь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

      Мөн Монгол, Оросын харилцаанд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны 2 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан хоёр талын Парламент хоорондын хамтын ажиллагааны гол механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгсөн гэж дүгнэв.  

     Түүнчлэн, хоёр талын иргэдийн солилцоо сүүлийн жилүүдэд идэвхжиж, 2021 онд Монголын 12,000 жуулчин ОХУ-д, Оросын 14,000 жуулчин Монголд тус тус зочилж байсан бол 2025 онд Монголын талаас 280,000, Оросын талаас 240,000 иргэн харилцан зочилж, жуулчдын урсгал хэд дахин нэмэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.