ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА К.И.КОСАЧЁВ ТЭРГҮҮТЭЙ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, тус Зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, И.М.-С.Умаханов нарт 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-ны хүндэтгэлийн танхимд оройн зоог барив.
Зоогийн үеэр талууд Монгол, Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, сүүлийн 4 жилийн хугацаанд дээд түвшинд 9, өндөр түвшинд 40 орчим харилцан айлчлал зохион байгуулсан нь хоёр улсын, хоёр ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол, Оросын харилцаанд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны 2 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал болон энэ үеэр амжилттай зохион байгуулагдсан хоёр талын Парламент хоорондын хамтын ажиллагааны гол механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын комиссын хоёрдугаар хуралдаан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгсөн гэдэгт санал нэгдэв.
Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хоёр улс соёрхон баталсныг онцлон тэмдэглэж, тус хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд өргөн боломж нээгдэж буйг онцлов.