Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын дарга Г.Г. Босхомжиеваг хүлээн авч уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын дарга Г.Г. Босхомжиеваг ЭСЯ-ны төв байран дахь “Ж.Самбуу өргөө”-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын дарга Г.Г. Босхомжиева Элчин сайд Ө.Энхтүвшинд Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Б.Хасиковын мэндчилгээг уламжлаад өнгөрсөн 2025 онд Элиста хотноо зохион байгуулсан Олон улсын Буддын шашинтнуудын III чуулга уулзалтад Элчин сайд Ө.Энхтүвшин урилгаар оролцон Халимагийн ард түмний ахуй амьдрал, түүх, соёл, Буддын шашны арвин их өвтэй танилцсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр цааш нь ярихдаа хоёр талын соёл, хүмүүнлэг, боловсролын салбарын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг дурдаж, Монгол, Халимагийн дунд сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан соёл, боловсролын арга хэмжээ, түүний дотор тод монгол бичгийн уран бичлэгийн уралдаан зохион байгуулах зэргээр ах дүү хоёр ард түмний түүхийг судлах, соёлын уламжлалыг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол, Халимагийн ард түмэн удам угсаа нэгтэйгээс гадна үүх түүх, оюун санаа, өв соёлоор холбогдсон талаар өгүүлээд, хоёр талын хамтын ажиллагааны гол чиглэл болсон соёлын харилцаа нь ахан дүүсийн барилдлагатай ард түмэн хоорондын харилцан ойлголцол, нээлттэй байдал, нөхөрлөлийг урт хугацаанд бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг цохон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Халимагийн хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглээд цаашид Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, спортын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар санал солилцож, хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар анхаарч ажиллахаар болов.