images

“ДЭВЖЭЭ-2026” УРЛАГИЙН НААДАМ БОЛОВ

Мэдээ

2026-04-22

1573

      ОХУ-ын Москва хотын Улсын удирдлагын их сургуулийн төв танхимд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр ОХУ дахь Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ДЭВЖЭЭ-2026” урлагийн наадмыг 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав.

    Энэ удаагийн наадам “КАССЕТА” сэдвээр “Хөгжим эхэлмэгц дурсамж амилна” уриатайгаар болж өнгөрсөн бөгөөд урлагийн наадмыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр, Москва хотын Улсын удирдлагын их сургуулийн дэд захирал П.В.Павловский нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

 

  “ДЭВЖЭЭ-2026” урлагийн наадамд нийт 4 багийн 59 оюутан амжилттай оролцож, ОХУ-д суралцдаг монгол оюутнууд болон монгол соёл сонирхогч оюутнууд зэрэг нийт 400 гаруй үзэгч хүрэлцэн иржээ.

   Урлагийн наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, ОХУ-ын Гнесинийхэний нэрэмжит Хөгжмийн академийн магистрант Б.Оюу-Эрдэнэ, Д.Марин, П.И. Чайковскийн нэрэмжит Консерваторийн оюутан У.Мэргэн нар ажилласан.

    Тус наадам жилээс жилд өрсөлдөөнтэй болж, оролцогч багуудын дэвшүүлсэн шинэлэг санаа, ур чадвар, хувцаслалт, зохион байгуулалт улам бүр өсөн дэвжиж буйг шүүгчид онцлон тэмдэглэв.

     “ДЭВЖЭЭ-2026” урлагийн наадамд оролцсон багуудын үзүүлбэр тус бүрт шүүгчдийн өгсөн онооны нийлбэр үнэлгээгээр: тэргүүн байранд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийн баг “SPARTAK OF RUDN”, дэд байранд ОХУ-ын Зам Тээврийн Их Сургуулийн баг “ЛОКОМОТИВ”, тусгай байранд О.Е. Кутафины нэрэмжит Хуулийн улсын их сургуулийн  “КУТАФИНЦЫ” болон И.М. Сеченовын нэрэмжит Анагаах ухааны их сургуулийн “СЕЧА” багууд тус тус шалгарав.

      ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр тэргүүн байранд шалгарсан Улс түмний найрамдлын их сургуулийн “SPARTAK OF RUDN” багийнханд “Шилжин явах цом”, үнэ бүхий зүйл гардуулж, амжилт хүсэв.