ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД А.Ю.РУДЕНКОТОЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденкотой 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын ГХЯ-нд уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.

Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг дахин нотолж, сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр тал дээд түвшинд 9, өндөр түвшинд 40 орчим айлчлал солилцсон нь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Мөн “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг байгуулсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт санал нэгдэв.