ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД БӨГӨӨД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА А.А.КОЗЛОВТОЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, сүүлийн 4 жилийн хугацаанд дээд түвшинд 9, өндөр түвшинд 40 орчим харилцан айлчлал зохион байгуулсан нь хоёр улсын, хоёр ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ажлын талаар ярилцаж, Улаанбаатар хотноо 2025 оны 12 дугаар сард болсон ЗГХК-ын 27 дугаар хуралдаан болон түүний хүрээнд болсон 10 орчим дэд комисс болон ажлын хэсгийн хуралдаануудын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв.
Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хоёр улс соёрхон баталсныг онцлон тэмдэглээд тус хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.