ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденкод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа оров.
Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко Элчин сайд Д.Давааг ОХУ-д дахин томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, соёл зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд түүнийг ажиллах хугацаанд нь дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын төр, засгийн тэргүүн нарын хооронд тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн баярыг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
