images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОРОСЫН СЕНАТОР А.А.КЛИМОВТОЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-12-20

217

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Олон улсын хорооны орлогч дарга, Холбооны Зөвлөлд Пермийн хязгаарыг төлөөлдөг сенатор, ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” намын Дээд Зөвлөлийн Товчооны гишүүн Андрей Аркадьевич Климовтой Элчин сайдын яамны төв байранд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уулзав.

Элчин сайд, Холбооны Зөвлөлийн сенатор нар Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагаа, эрх баригч намуудын хэлхээ холбоо, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой  асуудлуудаар санал солилцож, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, ойрын төлвийн талаар байр сууриа харилцан илэрхийлж ярилцлаа.

Уулзалтад “Нэгдмэл Орос” намын Төвийн гүйцэтгэх хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай В.О.Горохова, Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд, хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бат-Өлзий нар байлцав.