images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД И.В.МОРГУЛОВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ӨРГӨН БАРИВ

Мэдээ

2021-12-08

150

Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловт Итгэмжлэх жуух бичгийн хувийг өргөн барив.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин 2021 онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол бүхий үйл явдлуудаар дүүрэн байсан гэдгийг онцлов. Тухайлбал, 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд хийгдсэн өндөр түвшний харилцан айлчлалууд болон хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов шинээр томилогдсон Элчин сайд Ө.Энхтүвшинд баяр хүргэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ зууныг бүтээн байгуулалт, томоохон төсөл, хөтөлбөр хийгээд эдийн засгийн агуулгаар баяжуулах үйлсэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлын явцын талаар харилцан мэдээлж, энэ удаагийн Төрийн тэргүүн нарын уулзалт нь хоёр талын харилцааны шинэ зууны түүхийг нээж байгаараа онцлог гэдэгт санал нэгдэв.