ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР ЯРИЛЦАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Элчин сайд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын хооронд байгуулахаар ярилцаж байгаа парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм-Хамтарсан комиссын дүрмийн төслийг талууд үндсэндээ зөвшилцөн гарын үсэг зурахад бэлэн болж байгаад монголын тал талархалтай байгааг тэмдэглээд хамтарсан комиссын дүрмийн төслийг энэ оны эхний хагас жилд багтаан баталж, комиссын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой зарчмын асуудлуудаар ОХУ-ын Төрийн Думын орлогч даргатай ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв.
Уулзалтад Австрийн Вена хотноо 2 дугаар сарын 24-ний өдөр нээгдэх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын ассамблейн ээлжит чуулганд оролцохоор яваа УИХ-ын гишүүн, УИХ дахь ЕАБХАБ-ын парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо.