ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН БҮХ ОРОСЫН БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүх Оросын байгалийн гэрэл зүргийн IX Наадам Москва хот дахь ОХУ-ын Зураачдын холбооны үзэсгэлэнгийн төв танхимд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийлээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа, ОХУ-д бүтэн сар үргэлжлэх энэ наадамд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11,000 гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл зургийг сонгон авч дэлгэн үзүүлж байгаа юм байна.
Энэ наадамд сүүлийн жилүүдэд гадаадын нэг орныг түнш орноор урьж, гэрэл зурагчдынх нь бүтээлийг сонирхуулдаг болсон бөгөөд энэ жилийн гадаадын зочноор Монгол Улсын гэрэл зурагчид оролцож байна.
Үзэсгэлэнгийн төв танхимд Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын байгалийн сэдэвтэй 40 орчим гэрэл зургийг байрлуулж, Оросын үзэгчид, байгаль сонирхогчдод онгон дагшин Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнгээс толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ наадмын зохион байгуулагчид, оролцогчдод баяр хүргэж, цаашид хоёр улсын соёл урлагийн салбарын харилцаа, тэр дундаа гэрэл зурагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дэргэдэх “Сенаторуудын клуб”-ын Монгол дахь төлөөлөгч Ж.Төгсжаргал “Монголын унаган байгаль” гэрэл зургийн үзэсгэлэнг хангаж ажиллажээ.