ОЮУТНУУД ИЛТГЭХ ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨВ
ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын дунд “Монгол оюун дэлхийн сонорт” уриан дор зохион байгуулагдсан Илтгэлийн тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төв байранд болов.
ОХУ дахь Монгол оюутны холбооноос Москва дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэй зохион байгуулсан илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Новосибирск, Челябинск зэрэг хотуудад суралцаж буй оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтад 10 оюутан тунаж, “ОХУ-д ургаж буй монгол оюун”, “Хүн бүр Элчин сайд”, “Мөнхийн хөрш” гэсэн сэдэвт илтгэлүүдээ цахимаар болон биечлэн хэлэлцүүлэв.
Илтгэлийн агуулга, утга санааны өгүүлэмж, илэрхийллийн уялдаа холбоо, дэс дараалал, илтгэх чадвар зэрэг 5 шалгуур үзүүлэлтээр дүнг гаргахад нэгдүгээр байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Ц.Марал, хоёрдугаар байранд Үндэсний судалгааны Цөмийн “МИФИ” их сургуулийн Обнинск хот дахь Атомын эрчим хүчний сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Ц.Бямбасүрэн, гуравдугаар байранд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Т.Танан нар шалгарав.
Уралдааныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй тул оролцогчдын олонх нь “Хүн бүр Элчин сайд” гэсэн сэдвийг сонгон авч, илтгэлээ бэлдсэн байв. Оюутнууд “Монгол орон, монгол хүнийг гадаадад биднээр, надаар төлөөлүүлэн хүлээн авна. Тиймээс бид сайн суралцахын сацуу өндөр ёс суртахуунтай, харилцааны болон ахуйн үлгэрлэхүйц соёлтой байх ёстой” гэсэн санааг түлхүү илэрхийлжээ.
“Хөрш гэдэг ойлголт нь Монголчууд бидэнд эртнээс чухал байсаар ирсэн. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэгчээр санаа нэгтэй айл хөршүүд л амгалан тайван амьдрахын адил хөрш улс орон эв нэгдлийн хүчинд л хөгжин дэвшинэ” хэмээн уралдааны гуравдугаар байрын шагналт, Санхүүгийн их сургуулийн оюутан Т.Танан илтгэлдээ онцолсон бол уралдааны хоёрдугаар байрын шагналт Атомын эрчим хүчний сургуулийн оюутан Ц.Бямбасүрэн “Өнөөгийн байдлаар ОХУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй нийт гадаад оюутнуудын дунд монгол оюутнуудын тоо Хятад, Вьетнам тэргүүтэй улсуудын дараа бичигдэхээр өндөр үзүүлэлттэй байдаг” гэж илтгэлдээ дурдаад “бид Засгийн газрын тэтгэлгийн ард буй хариуцлага, үнэ цэнэ, боломжийг орхигдуулж болохгүй. Жил бүр дунджаар зөвхөн нэг оюутанд ногдох сургалтын төлбөр л гэхэд 260000-280000 рублийг ОХУ-ын Засгийн газраас төлдөг байна. Аливаа зүйлийн хариуцлага, үнэ цэнийг мэдрэх нь гүйцэтгэлийн гол түлхүүр болдог гэдэгт бид бүгд санал нийлэх биз ээ. Боловсрол эзэмших бол зөвхөн диплом авахын нэр биш бөгөөд бидний амьдралын бэлтгэл буюу бидний цаашдын ирээдүй, шинэ зорилтууд, нийгэмд бүтээх үнэ цэнийг тодорхойлж байдаг. Тэгвэл бид өөрсдийн хүрээллээсээ давуу тал, шинэ боломжуудыг таньж эрэлхийлж байх нь амжилттай суралцахад гол түлхэц болж байдаг” хэмээн тэмдэглэжээ.
Уралдааны нэгдүгээр байрын шагналт Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Ц.Марал илтгэлдээ монголчуудын оюун ухааны чадавх, түүнийг хэрхэн хөгжүүлж, үр өгөөжтэй ашиглах вэ гэдгийг хөнджээ. Тэрээр илтгэлдээ нэгэн бяцхан түүх, ардын аман яриаг дурдаад “Үнэхээр л материаллаг зүйл бол бидний хэн гэдгийг хэзээ ч тодорхойлж байгаагүй бөгөөд, монгол хүний үнэт зүйл нь – монгол оюун байсаар иржээ.
Тэгвэл хэн ч чамаас булааж чадахгүй тэр монгол оюун гэгч чухам юу юм бэ?
Мэдээж монгол хүний хамгийн бахархууштай зүйл бол оюун ухаан. Монгол залуус оюун ухаан, сэтгэн бодох чадвар буюу IQ-аараа дэлхийд 8-д жагсдаг юм байна. Энэ нь бидний тархи хязгааргүй ургадаг ургамал бөгөөд хэрвээ услаад л байвал улам дээшээ ургаад л байна гэдгийг харуулж байна.
ОХУ-д сурч байгаа оюутнууд бидний хувьд яг одоо оюунаа услах боломжтой хамгийн том, хамгийн шим тэжээлтэй хөрсөн дээр ирчихсэн байна. Ялангуяа цар тахлын дараа бидний оюун ухаан мэдээлэл, мэдлэгээр цангасан үед энэ их мэдээллийн эх үүсвэр, мэдлэгийн уурхай болсон энэ улсаас аль болох өөртөө авч, шингээж чадах бүхий л зүйлсээ аваарай.
Гэхдээ яагаад заавал “монгол оюун” гэж овоглодог юм бэ?
Яагаад гэвэл шөнийн 4-5 цагт ОХУ-ын аль нэг хотод, ширээний гэрэлтэйгээ сууж байгаа оюутан бүрийн дотор өөрийгөө л гэсэн аминчхан үзэл биш, үзэж сурснаараа Монголоо хөгжүүлнэ гэдэг хайр татам зорилго өвөртөлсөн байдаг учир яахын аргагүй “монгол” гэж овоглохоос өөр аргагүй биз ээ.
Эцэслээд дэлхийн өнцөг булан бүрт сурч буй оюутан, ялангуяа ОХУ-д ургаж буй монгол оюун бүрт хэлэхэд, чиний тархинд байгаа зүйлсийг хэн ч чамаас булааж авч чадахгүй бөгөөд мэдлэгээр дүүрэн оюунтай хүн хэзээд баян байдгийг битгий мартаарай!” гэж өгүүлжээ.
Илтгэлийн уралдааны шүүгчээр Хууль зүйн ухааны доктор Д.Бат-Өлзий, 2016 оны улсын аварга шалгаруулах Карл Попер мэтгэлцээний тэмцээний аварга, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Б.Дэлгэрмаа, улсын аварга шалгаруулах Карл Попер мэтгэлцээний тэмцээний гуравдугаар байрын шагналт, ОХУ дахь Монгол Оюутны холбооны тэргүүн Б.Анужин нар ажилласан байна.
Уралдааны шагналыг ОХУ дахь Монгол оюутнуудын “Дэвжээ” урлагийн наадмын үеэр гардуулах ажээ.