images

ВЛАДИВОСТОК ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мэдээ

2022-04-27

319

Монгол Улсаас ОХУ-ын Владивосток хотод суух Худалдааны төлөөлөгчийн газар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 338 тоот тогтоолын дагуу байгуулагдсан Худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморын хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч В.И. Прокопчук нар оролцож, баяр хүргэн үг хэллээ.

 

Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, ОХУ-ын хөгжлийн хамгийн ирээдүйтэй бүс нутгуудын нэг- Алс Дорнодод Монгол Улс Худалдааны төлөөлөгчийн газраа нээж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар Приморын хязгаар, Владивостокоор дамжуулан Ази, Номхон далайн өргөн уудам зах зээл, бизнесийн орон зайд монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах суваг нээх нэн чухал алхам юм.

 

Манай улсыг Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотод нээн ажиллуулах зөвшөөрөл олгож, бүх талын дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, Гадаад хэргийн яам, Приморын хязгаарын засаг захиргаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийн өмнөөс  талархал дэвшүүлье.

 

Владивосток хот бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм - Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтыг зургаан удаа амжилттай зохион байгуулсан хөрөнгө оруулалт, бизнес, транзит тээврийн чухал зангилаа төв юм.  Өнгөрсөн жилийн намар энд болсон ээлжит чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын төрийн тэргүүн цахимаар оролцсон. Тэрбээр Владивостокын чуулга уулзалтын хүндэт индрээс Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилттой байгааг бүс нутгийн орнуудын сонорт хүргэж байсан. 

 

Өнөөдөр нээлтээ хийж буй Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар “Транзит Монгол Улс” болох энэхүү цар далайцтай зорилтыг бодит ажил хэрэг болгоход тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэж хэллээ. 

 

Шинээр байгуулагдаж буй Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн монголын экспорт импорт, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ өдөр Владивосток хотноо Монгол, Оросын бизнес форум “Худалдаа ба логистик” сэдвээр болж, монгол, оросын бизнес эрхлэгчид, тээвэр зуучийн компанийн төлөөлөгчид, ажил хэрэгч хүмүүс оролцон хоёр талын болон бүс нутгийн худалдаа, тээвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Приморын хязгаарын холбоо хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.