images

ЗХУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ОХУ-ЫН АРДЫН ЗУРААЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Мэдээ

2022-05-18

197

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч З.К.Церетелигийн урилгаар тус академийн тэргүүлэгчдийн хуралд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хүндэт зочноор оролцов.

Энэ үеэр Оросын Дүрслэх урлагийн академийн тэргүүлэгч гишүүн, академич М.Ю.Шишин “Орос, Монголын дүрслэх урлагийн зуун ба өнө мөнх” («Век и Вечность в изобразительном искусстве России и Монголии») уран зургийн каталогийг танилцуулав. Энэхүү каталог нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Барнаул, Эрхүү, Улаан-Үд хотуудад дэлгэсэн Монголын болон Оросын Сибирийн орчин цагийн зураачдын «Век и вечность» сэдэвт үзэсгэлэнгийн бүтээлүүдийг танилцуулсан цомог ажээ.

Түүнчлэн энэ оны 4, 5 дугаар сард Монголын Уран зургийн галерейд ОХУ-ын алдарт зураач, барималч Зураб Церетелигийн “Далд шидэт реализм” график зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэн, дэмжлэг үзүүлсэн  монголын талд талархал илэрхийллээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин “Орос, Монголын дүрслэх урлагийн зуун ба өнө мөнх” каталог хэвлүүлж, академийн Ерөнхийлөгчийнхөө үзэсгэлэнг Улаанбаатарт толилуулсан Дүрслэх урлагийн академийн тэргүүлэгчдэд баяр хүргэж, хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг цаашид ч хөхиүлэн дэмжихээ амлав.

Оросын Дүрслэх урлагийн академи нь 1724 онд I Петр хааны зарлигаар байгуулагдсан Дүрслэх урлаг, шинжлэх ухааны Академийн  залгамжлагч гэж тооцогддог. Ерөнхийлөгч Зураб Константинович Церетели 1997 оноос тус академийг тэргүүлж, 88 настайдаа Академийн бүх гишүүдийн хурлаар дахин сонгогджээ. ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын болон ОХУ-ын Ардын зураач З.К.Церетели нь Лениний шагнал (1976), ЗХУ-ын Төрийн хошой шагнал (1970, 1982), ОХУ-ын Төрийн шагнал (1996) хүртсэн бөгөөд урынхаа санд 5000 гаруй бүтээлтэй, дэлхийд зартай уран бүтээлч юм.

Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Латин-Америкийн Пуэрто-Рико арал дээр босгосон «Шинэ ертөнцийн үүсэл» (орос. «Рождение Нового Света», анг. The Birth of the New World) хэмээх 126 метр өндөр уран баримал ажээ. Карибын тэнгист 2016 онд болсон “Мария” хар салхинд Пуэрто-Рико арал бүхэлдээ автан, бүх барилга байшин сүйрч, их хэмжээний хохирол амссан ч уг баримал цор ганцаар тэсч үлдсэн байна.

З.К.Церетелигийн бүтээлүүд Бразил, Их Британи, Испани, Франц, АНУ, Япон, Гүрж, Литва зэрэг оронд залагджээ. Нью-Йорк хотод НҮБ-ын байрны өмнө, Парис хотод ЮНЕСКО-гийн байрны урд түүний бүтээлүүдийн багасгасан хувилбарууд сүндэрлэдэг гэнэ.