images

ЭСЯ-НЫ 100 ЖИЛИЙН ОЙ: МОНГОЛ ЦЭРГҮҮД АНХ УДАА УЛААН ТАЛБАЙД ЖАГСАВ

Мэдээ

2022-05-18

270

Хоринхоёр дахь Элчин сайдын дурсамж

 

Манай Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тохиож байна. Түүхэн ойдоо зориулж Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  1996-2000 онд ажиллаж байсан Цэрэндашийн Цолмонгийн бичиж ирүүлсэн дурсамжийг толилуулж байна. 

Миний бие 1996-2000 онд Москвад Монголын 22 дахь Элчин сайдаар ажиллахдаа ардчилал, зах зээлийн шинэ  нөхцөлд хоёр талын харилцааг улс хоорондын харилцааны түгээмэл зарчмын үндсэн дээр төлөвшүүлэхэд ахиц гаргахыг зорьж ажилласан бөгөөд нааштай үр дүнд хүрсэн билээ. Ерээд оны эхээр хоёр талын харилцааны агуулга өөрчлөгдөж ЗХУ-аас хэт хамааралтай харилцаанаас ОХУ-тай олон улсын нийтлэг жишгээр адил  тэгш харилцаанд шилжихэд хоёр талдаа шинэлэг хандлага шаардагдаж, үүнээс үүдэлтэй үл ойлголцох байдал гарч байсныг засаж залруулахын төлөө ажилласан юм. Хоёр улс хоёулаа социализмаас татгалзсан харьцангуй шинэ үе байсан. Тухайлбал ЗХУ задраад удаагүй улс төрийн хувьд ч шинэ нөхцөл байдалд шилжээд байсан үе л дээ. Манай улс  зөвхөн ЗХУ, социалист орнуудтай  харьцдаг байснаа олон улстай нээлттэй харьцахаар  шинэ бодлого баримталж эхэлсэн бол ОХУ нь Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх гэж оролдож Ази руу бага анхаарч байсан. Гэхдээ хуучны найз нөхөд, дипломатуудын байр суурь, баримталж байсан найрсаг харилцаа хэвээр байсан билээ. Зөвлөлтийн цэргийг Хятадын хүсэлт, шахалтаар Монголоос гаргасныг тэр бүр хүмүүс мэдэхгүй, бас аль аль талдаа бэлтгэл муутай  яаруу хийснээс "өвлийн хүйтэнд гэнэт хөөж гаргасан гэх" гоморхол  миний ажиллах эхний үед төрийн албаныхан болон  цэргийнхний дунд анзаарагддаг байв. Харин Монголд ажиллаж байсан хүмүүс үйлдвэр, сургууль, албан газар хаа ч тааралдсан тэд манай улсын хувьд их сайхан сэтгэгдэлтэй байдгаа илэрхийлдэг юм. Ер нь Монголд ажиллаж байсан орос хүмүүс хааяагүй олон тааралддаг байсан. Миний бие ОХУ-д Элчин сайдаар 4 жил, ЗХУ-ын үед Эрхүүд 6, Москвад 3 жил суралцаж, инженер, дипломат  мэргэжил эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалсан жилүүдэд хойд хөршийн олон үндэстний хүмүүстэй найзалж, дотно сайнаар харьцаж ирсэн билээ. Хэдийгээр ОХУ нь ЗХУ-ын залгамжлагч боловч эрс ялгаатай субъект гэдгийг анхаарч байх учиртай. ЗХУ-ын удирдлага манай орныг шууд удирддаг байсан бол өнөөгийн ОХУ бол манай улстай эрх тэгш сайн хөршийн харилцаа хөгжүүлж байгаа билээ. Зөвлөлт-Монголын өнгөрсөн  үеийн хамааралт харилцааны эерэг, сөрөг зүйлсийг өнөөгийн ОХУ-д шууд хамаатуулж үл болно. Шинэ цаг үеийн шинэ харилцаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Ерөнхийлөгч Ельциний үед  Оросыг Европын улс болгох гэж яаравчлан азийн бодлогодоо бага анхаарч байсан нь ч манай хоёр улсын харилцаанд нөлөөлж байсан юм. Мөн тэр үед  ОХУ-д олон Ерөнхий сайд, Гадаад явдлын сайд нар солигдож, эдийн засгийн огцом уналт болж, рубль үнэгүйдэх зэргээр дотоодын хямрал ихтэй жилүүд тохиосон билээ. Ийм хүнд үед ГЯЯ-ны Монголыг хариуцдаг орлогч сайд, хэлтсийн дарга, ажилтнууд бидэнд нөхөрсөг хандаж байсан. Бидний зүгээс сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх гэсэн нийтлэг эрмэлзэл, бодлого, үйл ажиллагааг орос нөхдөд таниулах талаар чармайж, хоёр талаас тодорхой санаачилга гарган ажилласны дүнд энэ жилүүдэд улс төрийн итгэлцэл сэргэж сайжирсан билээ. Үүний тод илэрхийлэл нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал олон жилийн дараа болсон юм.  2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн тэргүүний хувьд анх удаа манай оронд айлчилж хоёр орны харилцааг шинэ шатанд гарган  "Улаанбаатарын тунхаглал" болон бусад баримт бичигт гарын үсэг зурсан нь онцгой чухал түүхэн үйл явдал болсон юм.

Москвагийн төвийн удирдлага манай орны тухайд төдийлөн идэвхтэй биш байсан тэр үед миний хувьд ОХУ-н манайтай хил залгаа буюу зам дагуух субъектуудтэй харилцаа өрнүүлэх асуудлыг урагшлуулах бодлого барьж ЭСЯ-ны "1998 оны онцгой зорилт" болгох зэргээр ажилласан нь нааштай үр дүнд хүрч, цаашдаа Холбооны төв удирдлагын анхаарлыг тодорхой асуудлуудад хандуулахад ч нөлөөлсөн гэж үзэж байна. БНБуриад Улс, БНАлтай Улс, Эрхүү, Свердловск, Кемерово мужийн удирдлагыг Монголд  айлчлуулж хамтын ажиллагааг идэвхжүүлэв. Сүүлийн 2 жилд Москва, Улаан-Үд хот, Кемерово мужийн  өдрүүд Монголд зохион байгуулагдаж Приморийн хязгаарт Монголын анд нөхдийн нийгэмлэг байгуулагдав.  Миний хувьд Якут, Буриад, Халимаг, Хакас, Татар, Тува улсууд, Санкт-Петербург, Свердловск, Владимир, Иванов  мужуудаар айлчилсан нь ажил хэргийн холбоо хэлхээг бэхжүүлэхэд тустай болсон юм. ЭСЯ-ны ажилтнуудад субъектүүдийг тусгайлан хувиараар хариуцуулан ажилласан санагдаж байна. ОХУ-ын субъектүүд, манай  аймгуудын шууд харилцааг дэмжин зохицуулах талаар хэлэлцээрийн төслийг Украин, Польш, Хятадтай ОХУ-ын байгуулсан хэлэлцээрүүдийг судлан өөрийн  онцлогоо тусган боловсруулж төвд хүргүүлж Ерөнхийлөгч Путиний айлчлалын үеэр баталгаажуулсан билээ.

Миний ажиллах хугацаанд Засгийн газар болон яамд хоорондын 40 орчим хэлэлцээр, протокол, төлөвлөгөө байгуулагдаж харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлсэн билээ. Хөрш залгаа субъектүүдийг багтаадаг "Сибирийн хэлэлцээр" -ийн үйл ажиллагаанд оролцож төвд мэдээлж байв.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх  асуудлыг нэгэн гол зорилт болгон ажиллаж тодорхой үр дүнд хүргэсэн гэж боддог. Бидний санаачлан Москвад 3 удаа, Екатеринбургт 1999 онд, Уфад 2000 онд тус тус зохион байгуулсан Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтад  Оросын 150, монгол 100 компанийн төлөөлөгчид оролцсон нь алдагдсан шууд харилцааг сэргээхэд тус  дэм болж байсан. Төвийн болон баруун чиглэлээр нийлүүлэх  эрчим хүчний үнийг 30 хувиар бууруулж, Урал хүртэл мах нийлүүлэх эрх авч, шилжих рублийн зээлийг зохицуулах санал боловсруулж байсан юм. Мөн Эрхүүд хийгддэг байсан гаалийн бүрдүүлэлтийг Наушкад хийх болгосон нь манай бизнесийнхний ажлыг хөнгөвчилж байлаа. Харин манайхаас ОХУ-д оруулах барааны гаалийн татварыг бууруулах  асуудалд ахиц гаргаж чадаагүй нь харамсалтай санагдаж байсан.  Энэ асуудал дээр өнөөдөр ч ахиц гараагүй байна. ОХУ-ын гаалийн татвар 15-30 гаруй хувь байдаг бөгөөд ганц улсад зориулж бууруулах боломжгүй, харин танайх Евразийн эдийн засгийн холбоонд элсвэл татваргүй болно шүү дээ гэдэг байв. Би сүүлд Гадаад харилцааны дэд сайд байхдаа энэ эдийн засгийн холбоонд элсэх  асуудлыг судалж үзэхэд манай улс төрчид "улс төрийн холбоонд  элсэхгүй" гээд хүлээж авахгүй байдалтай байсан тул тэгсгээд орхисон билээ. Оросын импортын татварыг бууруулах тал дээр үе үеийн Засгийн газар хэлэлцээ хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ирсэн. Бид нарын үед  ч энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн ч мөн л ахиц дэвшил гараагүй. Харин сүүлийн үед ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргиз зэрэг  улс багтдаг  Евразийн эдийн засгийн холбоотой гаалийн тарифгүй болгох талаар Монголын тал   хэлэлцэж байгаа.  Гэхдээ л удаашралтай байна. Энэ ажил амжилтад хүрвэл уг холбооны гишүүн орнууд руу бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэх юм.

Боловсон хүчин бэлтгэхэд Оросын тал нааштай хандаж манай талаас ч идэвхтэй харилцаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Оросын тэтгэлгээр суралцах оюутан аспирантурын тоог нэмэгдүүлж  300-д хүргэж байв. Монголд боловсон хүчин бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан ОХУ-ын 20 удирдах ажилтан, багш нарт Монгол Улсын Гэгээрлийн Яамны шагнал олгуулж урамшуулж байлаа.

Монгол гаралтай соёл шашин шүтлэг ижил  үндэстнүүдэд ойртох, монгол зан заншил, уламжлалаа сэргээхэд нь туслах чиглэл барьж ажилласан. Халимаг, Буриад,  Тува улсуудад томилолтоор ажиллаж харилцааны боломж нөхцөлийг судлан төвд танилцуулж байсан болно. Москвад амьдардаг монгол гаралтай иргэдтэй хамтарч цагаан сараар “цагаалган” ёслол  хийж танилцах, хамтарч ажиллах хөрс суурийг бүрдүүлж байв.

Хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа хөгжүүлэхийг зорьж байгаа ч цэрэг, батлан хамгаалах салбарт уламжлалт харилцаандаа тулгуурлан ОХУ-тай илүү дотно бодит харилцаатай байхыг чухалчлан ажиллав. Цэргийн мэргэжилтэн бэлтгэхэд Монголд тусалдаг уламжлалаа тасалдуулахгүй байхыг ОХУ-ын цэргийн удирдлага эрмэлздэг. Иймд цэргийн академи, дээд сургуулиудад суралцуулах тоо нэмэгдэж байв.

Харилцааны болон дотоод ажлын зарим асуудлаар ажилтнуудын хамт "оюуны довтолгоо" /brain storming/ хийж шинэ сэргэг санаа, арга барилыг эрэлхийлж хэрэгжүүлж ажилласан билээ. Тухайлбал хоёр орны худалдааны нөхцөлийг сайжруулах, субъектүүдтэй харилцах, Орос-Хятадын харилцаанд Монголын эзлэх байр суурийг тодотгох зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж дүнг ГХЯ-нд илтгэж байсан билээ.

ОХУ гадаад бодлогодоо Монгол Улсыг хөрш зэргэлдээ, геополитикийн чухал байршилтай орны хувьд анхаарч сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх, цаашдаа Евроазийн нөлөө бүхий томоохон гүрэн байх бодлогынхоо хүрээ, нөлөөнд байлгахыг зорьж байдаг билээ. Улс төрийн аль ч хүчин эрх барьсан Монгол-Оросын уламжлалт сайн хөршийн харилцаа гүнзгийрч ойртон нягтарч өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаа нь Монгол Улсын гадаад бодлогын чухал ололт бөгөөд цаашид ч бэхжих бат бэх үндэстэй юм. Манай хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ хоёул оролцдог бүс нутгийн чанартай эдийн засгийн чиглэлтэй хамтын нийгэмлэг, байгууллага, гэрээ хэлэлцээрт нэгдэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байх нь зүйтэй гэдэг саналыг тэр үед дэвшүүлж  байв.

Би Москвад Улаан талбайд жил бүр 5 сарын 9-нд болдог Ялалтын баярын ажиллагаанд нийт 8 удаа оролцсон цөөн монголчуудын нэг гэж бодож байна. Дипломатын академид суралцаж байхдаа 3 удаа, Элчин сайдаар ажиллахдаа 4 удаа, Батлан хамгаалахын сайд байхдаа нэг удаа уригдан оролцсон билээ. 2015 он олон ялалтын баяр давхацсан жил байлаа.

Ялалтын 70 жилийн парадны урьд өдөр нь Ерөнхийлөгч Элбэгдорж болон баярт уригдсан төлөөлөгчдийг  ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Кремлийн ордонд хүлээн авч уулзахад Батлан хамгаалахын сайдын хувьд оролцов. Ерөнхийлөгч нар хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцож,  харилцан баяр хүргэж нэлээд удаан ярилцсан юм. Аугаа эх орны дайны ялалтад монголын тусламж дэмжлэг их үүрэг гүйцэтгэснийг  Ерөнхийлөгч Путин тэмдэглэж найрсаг дотноор хүлээн авсан билээ. 2015 оны хавраас монгол цэргийн төлөөлөл Ялалтын баярын жагсаалд оролцох урилга хүлээн авч, бэлтгэл ажлаа базааж эхэлсэн юм. Сонирхуулахад, бидний зүгээс манай цэргүүдийг ёслолын хувцастай оролцуулах санал тавихад Элчин сайд Азизов “танай ёслолын гоёмсог хувцас хэтэрхий их анхаарал татах” учраас  энгийн жагсаалын формтой оролцохыг хүссэн тухай манай ажилтан надад танилцуулж байв. Жагсаал болохын өмнө Улаан талбайд ирээд байсан цэргүүд дээрээ очиж уулзах ажлаа амжуулж, хамт  дурсгалын зураг авхуулцгаав. Уригдаж ирсэн улс орнуудын  Батлан Хамгаалахын сайд нарын хамт Улаан талбайн зочдын индрийн төвийн хэсэгт байрлаж парад үзлээ. Манай цэргүүд тус жагсаалд соёмбот тугаа мандуулж сүр жавхлантай оролцсон нь үнэхээр бахархмаар байлаа. Ийнхүү баяр ёслолын ажиллагаанд манай төлөөлөгчдийг төв хэсэгт байлгаж  монголчууд дайны эхнээс ялалт хүртэл харамгүй тусламж үзүүлснийг тодотгон хүндэтгэлээ илэрхийлж  байлаа.  

Баярын парадын дараа Элчин сайдын яамандаа очиж Ерөнхийлөгч дайнд оролцсон ахмадуудтай хүндэтгэлийн уулзалт хийх, бэлэг дурсгалын зүйлс гардуулахад оролцов. “Метрополь” зочид буудалд байрлав.

2015 оны намар нь Бээжинд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын ажиллагаанд монгол цэргүүд оролцов. Тянь Ан Миний талбай, төв гудамжинд болсон урт жагсаалд маш олон хүн, машин техник хамрагдаж сүртэй болов. Нартай сайхан тэр өдөр Бээжингийн төвд өөрийн цэргүүдийг олон орны жагсаалын бүрэлдэхүүнд цовоо сэргэлэн алхаж байгааг харахад сэтгэл их хөдөлж бахархаж байлаа.

           

Москвад Элчин сайдаар ажиллах тэр үед  улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан тул ЭСЯ-ыг санхүүгийн хувьд бие даалгах зорилт тавьж төвөөс санхүүжилт авахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулсны гадна байшин барилгыг засварлаж, авто паркийг шинэчилж чадсан юм.

 

ЭСЯ-нд хамт ажилласан дипломат  болон үйлчилгээ техникийн ажилтнууд идэвх зүтгэлтэй ажиллаж, бүтээлч, ажил хэрэгч  хамт олон бүрдэж, үүрэг даалгаврыг чанартай гүйцэтгэж байсныг тэмдэглэж талархал илэрхийлж  байна.

 

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор

Цэрэндашийн ЦОЛМОН