images

ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Мэдээ

2022-07-05

158

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэж, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын тохиролцсон асуудлуудын хэрэгжилт болон харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн  талаар  санал солилцов. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сайд нар тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой төслийн хэрэгжилт хуваарийн дагуу хэвийн явагдаж байгааг тэмдэглэж, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлыг танилцуулав.

Мөн “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, эрчим хүч, хөдөө аж ахуй салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг урагшлуулах, сүүлийн үед хоёр улсын худалдааны салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Оросын бүс нутгийн харилцаа сүүлийн үед эрчимжиж байгааг онцолж, хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болж буй нь хоёр талын худалдааг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдав.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд соёл, урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, иргэд хоорондын шууд харилцааг хөхиүлэн дэмжих, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийллээ.