images

ОЮУТАН ЗАЛУУЧУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

Мэдээ

2022-08-18

249

 Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан оюутан залуучууд, тэдний ар гэрийн төлөөллөөс асууж буй түгээмэл асуултын агуулгад тулгуурлан дараах зөвлөмжийг Та бүхэнд хүргэж байна.

            1. ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын байгууллагууд хилийн чанадад оршиж байгаа өөрийн сургуулийн гадаадын оюутнуудад хил нэвтрэх, дотуур байранд орох, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх зэрэгт тавигдаж буй шаардлага, мөрдөгдөж байгаа журмыг тайлбарласан зааварчилгааг цахим шуудангийн хаягаар нь хүргүүлж байгаа билээ. Хэрэв таны цахим шууданд энэхүү зааварчилгаа ирээгүй бол сургуулийнхаа Цахим хуудсанд тавигдсан мэдээлэлтэй танилцаж, тодруулах зүйл байвал сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтантай холбогдоно уу.

            2.  ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр энэ оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улсын хил бүрэн нээлттэй болсон ч  Роспотребнадзор байгууллагаас тогтоосон хил нэвтрэхээс 48 цагийн дотор COVID-19-ийн ПЦР шинжилгээ хийлгэсэн байх шаардлага хэвээр хадгалагдаж байгааг анхаарна уу.

            “ОХУ-ын хилээр ороход шинжилгээний бичиг үзээгүй гэсэн” дам мэдээ сүүлийн үед олон нийтийн  сүлжээгээр тархаж байгаа бөгөөд энэ нь тохиолдлын  шинжтэй үйл явдалд тулгуурлагдсан мэдээлэл гэдгийг сануулж байна.

            3. Сүүлийн үед тархалт нь эрс нэмэгдэж байгаа COVID-19-ийн халдварын омикроны дэд хувилбар нь дийлэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өвчлүүлж байгаагийн улмаас өөрийгөө эрүүл хэмээн тооцож, гадаадад зорчихоор төлөвлөсөн хүмүүсийн шинжилгээ эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байна. Иймд,  эрсдэлээс сэргийлж шинжилгээ өгөх, ОХУ руу зорчихын өмнөх өдрүүдэд өөрийгөө аль болохоор тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэм сахина уу.

            4. ОХУ-д зорчиж ирэхээсээ өмнө сургуулийнхаа холбогдох нэгж, албан тушаалтанд очих товоо урьдчилан мэдэгдэж, дотуур байранд ороход шаардагдах бичиг баримтуудын талаар сайтар лавлана уу.

Эрүүл мэндийн шаардлагатай шинжилгээний бичиггүй, эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан шинжилгээний бичигтэй  бол дотуур байранд ороход хүндрэл үүсэж болзошгүйг сануулж байна.

            5. Визийн хугацаа үйлчилж эхэлсэн өдрөөс хойш ОХУ-ын хилээр нэвтэрнэ гэдгийг хатуу анхаарна уу.

Хэрэв сургалтын нэг удаагийн визийн хугацаа үйлчилж эхлэхээс өмнө ОХУ-ын хилээр нэвтэрсэн тохиолдолд Та шилжилт хөдөлгөөний нэгдсэн цахим сүлжээнд жуулчны визгүй зорчигчийн ангилалд бүртгэгдэж, улмаар сургуулийн дотуур байрны хаягаар оршин суугчийн бүртгэл хийлгэх, визээ сунгуулах боломжгүй болж, хилээр эргэн гарч, дахин орох шаардлага гарна.

            6. ОХУ-д ирэхээсээ өмнө өөрийн оршин суух хот, суралцах сургуульд болон дамжин өнгөрөх бүс нутаг, хотуудад COVID-19-ийн халдвараас сэргийлэх ямар дэглэм мөрдөгдөж байгааг тодруулахын хамт амны хаалт, ариутгалын бодис зэргийг нөөцөлж, биедээ авч явна уу.

            COVID-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын бүс нутаг, хотын захиргаанаас иргэддээ тээврийн хэрэгсэл, олон нийтийн газарт амны хаалт зүүх зөвлөмж өгч байгаа бөгөөд зарим бүс нутаг, тухайлбал Буриад Улс энэ оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн улсын нутаг дэвсгэрт “амны хаалт”-ны дэглэм тогтоогоод байгаа болно.

            Энэ ташрамд,

            Суралцах сургуулийн хуваарь нь ирсэн ч, сургалтын визийн урилга ирэхгүй байна хэмээн сэтгэл нь зовниж байгаа элсэгчдэд:  

“ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их дээд, тусгай дунд боловсролын сургуульд шинээр элссэн гадаадын нийт иргэдийн сургалтын визийн урилгыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам элсэгчдийн нэгдсэн сүлжээнд байршсан нэрсийн жагсаалтын дарааллаар нь, эхлээд нэгдүгээр курст, дараа нь хэлний бэлтгэл курст суралцах иргэдэд олгож буй” гэдгийг мэдээлэхийн хамт хэрэв шаардлагатай гэж үзвэл ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Цахим хуудсанд байршсан гадаадын элсэгчдэд лавлагаа, мэдээлэл өгөх хаяг, утас руу холбогдохыг зөвлөж байна.

Эцэст нь,

            сургуульдаа ирэх болон дотуур байранд орохтой холбоотой ямар нэгэн эргэлзээтэй асуудал гарвал Та бүхэнд “визийн сунгалт”-ын асуудлаар тус Элчин сайдын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргэсэн зөвлөмжийн дагуу сургуулийнхаа гадаад оюутан, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хариуцсан ажилтан, нэгжтэй холбогдож, тэдний өгсөн зөвлөмж, шаардлагыг ягштал биелүүлэхийг хүсье.

          Москвагийн Физик, техникийн дээд сургууль (Үндэсний судалгааны их сургууль), М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, К.Г.Разумовскийн нэрэмжит Москвагийн Технологи, удирдлагын улсын их сургууль, Г.В.Пелехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургууль, Цөмийн судалгааны үндэсний “МИФИ” их сургуулийн Цахим хуудсанд гадаадын оюутнуудад зориулан байршуулсан мэдээлэлтэй дараах холбоосоор орж жишээ болгож танилцана уу.

Түүнчлэн Россотрудничество байгууллагын Монгол Улс дах Төлөөлөгчийн газар, ОХУ дах Монгол оюутны холбоо хамтран 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот дах “Орос өргөө” (Русский дом)-д зохион байгуулах 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын сургуульд элсэгчдийн нэгдсэн уулзалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Москвагийн Физик, техникийн дээд сургууль (Үндэсний судалгааны их сургууль):

https://mipt.ru/about/departments/intoff/covid-19-informatsiya-dlya-inostrannykh-grazhdan.php?clear_cache=Y

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль: https://studentin.msu.ru/before

К.Г.Разумовскийн нэрэмжит Москвагийн Технологи, удирдлагын улсын их сургууль: https://mgutm.ru/edu-mgutm/international-cooperation/students/quota/

Г.В.Пелехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургууль: https://www.rea.ru/ru/Pages/viezd-inostrannih-studentov-v-rf.asp

Цөмийн судалгааны үндэсний “МИФИ” их сургууль: https://mephi.ru/foreign-nationals/visa-application