images

АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ МОСКВА ХОТОД АЖИЛЛАВ

Мэдээ

2022-09-29

161

Монголын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл 2022 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотод ажиллав.

Тэрээр Москва хотод томилолтоор ажиллах үеэрээ Шинжлэх ухааны академийн Олон улсын холбооны Зөвлөлийн 35 дугаар хурал, Оросын Шинжлэх ухааны мэдээллийн төв, Үндэсний судалгааны “Курчатовын хүрээлэн” төвөөс хамтран зохион байгуулсан “Евразийн орон зай дахь олон талт судалгааны туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний чуулганд тус тус оролцож, үг хэлэв. Түүнчлэн Засгийн газар хоорондын Олон улсын шинжлэх ухаан, мэдээллийн төвд зочилж, тус төвийн удирдлага, ажилтнуудтай уулзалт хийлээ.

Академич Д.Рэгдэл Москва хотод байх хугацаандаа Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр энэ сарын 20-ны өдөр сонгогдож, үүрэгт ажилдаа ороод буй академич Г.Я.Красников, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн ректор, академич В.А.Садовничий нартай хоёр талын уулзалтуудыг хийж, Монгол Улс, ОХУ-ын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны зорилтуудын талаар ярилцав. Мөн хурал, чуулганы ажиллагаанд оролцсон орнуудын Шинжлэх ухааны академийн удирдлага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлуудтай ажил хэргийн яриа өрнүүлж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.